Мэндчилгээ

2015-05-28 15:08

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгийн цахим хуудсанд тавтай морилно уу.  

Тус цахим хуудсаар зочилж байгаа Монгол улсынхаа нийт ард иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнууд, Нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай амьдрал, ажил үйлсээрээ холбоотой бүх хүмүүстээ чин сэтгэлийн хүндэтгэл өргөе. 

Модон морин жилтэй уралдан үүд хаалгаа шинээр нээн Монгол улсынхаа ирээдүйн хөгжлийн төлөө Нутгийн удирдлагын байгууллагууд, иргэд Та бүхэнтэйгээ гар нийлэн ажиллахаар сэтгэл шамдан, үйл ажиллагаагаа эхэлсэн шинэлэг, эрч хүчтэй хамт олон та бүхэнтэй мэндчилж байна.

Монгол улсад Ардчилсан хувьсгал ялсанаар Та бидний олж авсан томоохон амжилт, ололтын нэг бол
1992 онд батлагдсан Ардчилсан шинэ Үндсэн Хууль билээ. Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1-т “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэж зааснаар бид улс орноо болон ажиллаж, амьдарч буй орон нутгаа удирдах, шийдвэр гаргах үйл явцад өөрөө болон төлөөллөөрөө дамжуулан оролцох маш том боломжоор хангагдсан билээ.

Мөн “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэнэ ..”, “... нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж заасан байдаг нь орон нутгийн ИТХ, ИНХ-ын бие даасан байдлыг баталгаажуулж өгсөн томоохон суурь заалтууд билээ.

Ийнхүү иргэд олноосоо итгэл хүлээн сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм Төлөөлөгчид та бүхэнд сонгогдсон
орон нутгийнхаа ард иргэдийн дуу хоолой нь болж, төр болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд тэднийхээ хүсэл зорилго, санал санаачилгыг илэрхийлж, нийтийн зөв бодлогыг тодорхойлох, хянах боломж олгогдсон билээ.

Өнөөдөр Монгол улсын
өрнөж буй төвлөрлийг сааруулах, эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх бодлогын хүрээнд шинэ Төсвийн хууль, Орон нутгийн хөгжлийн сан, Иргэдийн оролцооны хууль /хэлэлцүүлэгийн шатандаа яваа/ хэрэгжиж эхлээд байгаа нь орон нутгийн хөгжилд иргэдийн идэвхтэй оролцоо, хяналтыг улам бүр л “нэхсээр” байна.

Тиймээс Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэг нь Монгол улс дахь Нутгийн Удирдлагын Байгууллагуудыг чадавхжуулах, эрх зүйн шинэчлэлийг
дэмжих, Төлөөлөгчид иргэдийн хоорондын бүтээлч хамтын ажиллагааг сайжруулах, дуу хоолойг нэгтгэх, Иргэд олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын байгууллагын талаарх ойлголт, хандлагыг сайжруулах чиглэлээр идэвх, санаачилга гарган ажиллах болно.

Иймд Монголын нутгийн удирдлагын салбарынхан Та бүхний идэвхтэй дэмжлэг, үр дүнтэй хамтын ажиллагаа бидний хөгжлийн суурь юм.


Та бүхэнд сайн сайхныг хүсье!
 
Хүндэтгэсэн,
 
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                     Ц.БАТГЭРЭЛ



Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 2
  • НИЙТ:
  • 29 581